|
Хүүхдийг дулаан байранд түр хугацаагаар нүцгэн байлгаж агаараар чийрэгжүүлж эхэлдэг. Агаараар чийрэгжүүлэхдээ байрны дулаан 19-20 хэм, нярайд 20-22 хэм, 2-6 сар хүртэл 19-20 хэм , 6 сараас дээш 1 нас хүртэл 18-19 хэм дулаантай байхаар зохицуулна. Зугаалах хугацааг 10-15-20 минутаар нэмэгдүүлсээр 1-2 цагт хүргэнэ.
Хүүхдийг салхинд гаргахын өмнө хамрыг цэвэрлэж, хамрын амьсгалыг чөлөөтэй болгох хэрэгтэй. Хүйтэнд гадаа салхилуулах үед нүүрэнд нь хүүхдийн крем буюу вазелиныг нимгэн түрхэж нүүрийг нь ил байлгах чухал. Хүүхдийг агаарт салхилуулахдаа тэврээд буюу тэргэнд удаан хугацаанд хөдөлгөөнгүй байдалд байлгах буруу, аль болох хөдөлгөөнд байлгах нь сайн. Хүүхдээ салхилуулах үед эх нь агаарт явснаар эхийн эрүүл мэндэд нөлөөлж хөхний сүү сайжирдаг. Гадаа зугаалах боломжгүй үед гадаа зугаалах маягаар хувцаслаж, хүүхдийг нээлттэй салхивчны дор байлгана. Хэрэв гадаа их хүйтэн, хүчтэй салхитай байвал салхивчаар орох агаарын урсгалыг багасгах зорилгоор салхивчиндаа хаалт самбай хадах хэрэгтэй. |